Адууны холбогдолтой:
Адуу салхидах: Зун намарт адуу халуун буюу ялаа шумуулаас зугатаж салхи сөрөн гүйх
Адуу уруудах: Салхи шуурга буюу сэрүүн бороонд адуу тогтож чадахгүй, салхи шуурга бороо даган явах
Алтан унага: Хүслэнгийн жигүүрт хүлэг. Бие эрдэнийн унага гэдэг. Адуу бум хүрэхэд нэг алтан унага гардаг гэсэн домог байдаг.
Унага хөндөлсөх: Гүүний хэвлий дэх унага бэхжих
Унаган зууш: Унага төрөхдөө аман дотроо элэг бөөрний зүсэм шиг хэсэг юмтай гардаг. Сааль нэрэгчид түүнийг айрагтаа хийдэг.
Унаган дэл: Язгуурын, угийн гэсэн утгатай. Унаган цагаасаа засаагүй дэл. Унаган дэлтэй азарга барстай ч тулалдана гэсэн үлгэр домог байдаг.
Унаган морь: Өөрийн адууны гүүнээс гарсан морь
Унаган жороо: Унага ахуй цагаасаа (төрөлхийн) жороо
Сарваа унага: Эхийнхээ сүүгээр торнин тэвээрч бие нь чангарч үсээ анх сольсон тэр цагаас дараа жилийн ойдоо хүрээгүй үеийн бүдүүрсэн унага
Даага: Хоёр настай адуу
Ногооны даага: Хойтон хаврынх нь ногоонд цадсан сарваа
Исгэл даага: Хусран даага, жил өнжсөн (иссэн) сүү хөхсөн даага гэсэн утгатай.
Дааган дэл: Хоёр настай адууны дэл
Дааган дэллэгээ: Даага тамгалах ч гэдэг. Зуны урин дулаан цагт адуу ногоонд цадаж даахиа гээж цайрсан үед адууны эзэн өдөр товлон болзож ойр хавийн айлуудыг даага дэллэх найранд урьж дэлийг хяргахаас гадна даагаа тамгална.
Шүд шинжих: Таван хошуу малын нас шүдийг үзэхдээ түүний үүдэн шүднийх нь халбагын тоогоор үздэг бөгөөд адууныхыг бол шүднийх нь хээ угалзаар үзэж мэддэг. Бас зарим хүн адууны нүдэнд туссан хүний дүрсийн бүтэн ба хагасын хэмжээгээр шинжин морины насыг эндэлгүй мэддэг.
Жич: гүзээтэй, хэвлэгтэй малын, тухайлбал: үхэр, тэмээ, хонь, ямааны дээд эрүүнд үүдэн шүд байдаггүй. Зөвхөн адуу л дээд эрүүндээ үүдэн шүдтэй.
Шүдлэн: Гурван настай бод малыг хүйс ялгалгүй нэрлэх нэр. Хоёр халбага (шүд)-тай. Таван хошуу мал шүдлэн насандаа сүүн шүдээ гээж ясан шүд ургадаг.
Үрээ: Гурваас дөрвөн настай эр адуу. Гурван насанд нь “шүдлэн үрээ” дөрвөн насанд нь “хязаалан үрээ гэнэ.
Үрээ хайрах: Эр адуу ихэнхдээ шүдлэн болсноор төмс нь бууж ирдэг тул хязааланд нь огтолж засааны ормыг улайсгасан хайруулаар хайрч цусыг нь тогтоож тавлахыг хэлнэ.
Байдас: Гурваас дөрвөн настай эм адуу
Хасагдсан (ялгагдсан) байдас: Уул сүргээсээ (төрүүлсэн эцэг азаргандаа) хөөгдөн салсан 3-4 насны эм адуу
Цахилсан байдас: Ороо нь орж уул сүргээсээ салж азарга эрж гүйсэн байдас
Гуна: Гурван настай эр бод мал
Гунж: Гурван настай эм бод мал
Хязаалан: Дөрвөн настай бод мал. Халбага шүдтэй, хязаалан насанд малын шүд захлах (захын шүд ургах) учраас хязгаар гэсэн утгыг агуулжээ.
Соёолон: Таван настай бод малыг хүйс ялгахгүйгээр соёолон гэнэ. Энэ насанд хүрснээс хойш адууны араанаас хойш хуруу хэр зайнд соёо шүд ургадгаас соёолон гэжээ.
Соёо сонгох: Зургаагаас дээш насны адуу, тэмээнд энэ нэр томьёог хэрэглэнэ. Энэ үед соёо нь гүйцэд ургаж ясны өсөлтийн төгсгөл болно. Соёо нь ургаж гүйцсэн бол нас гүйцсэн мал гэнэ.
Хөх соёо: Соёо сонгохыг хэлнэ. Соёо гүйцэд ургаснаар шүдний өнгө нь хөхөвтөр болдог.
Хавчиг соёолон: Зургаан насны эр адуу. Уг нь адуу зургаан нас хүрвэл соёо нь гүйцэд ургаж ясан шүд нь гүйцэж чадал шандас нь бүрддэг гэж малчид ярьдаг. Гэтэл зургаан нас хүрсэн ч соёо нь гүйцэд ургаагүй байдаг учраас хавчиг соёолон гэж нэрлэжээ.
Морь: Дөрвөн наснаас дээших агталсан адуу
Морь сойх: Уралдааны морийг хагсааж биеийг нь хөнгөрүүлөх
Морь хөлрөх: Морь хөлслөх, морьдыг давхиулж хөлсийг нь гарган авах
Морь тарлах: Морийг тар чадлаар нь үсэргэх
Морь үргэх, бухах: Юмнаас цочин зайлсхийх, тангарч булгих
Морь уургалах, цаламдах: Уургаар морь барих, цалмаар морь барих
Морь янцгаах: Адуу ижил сүргээ эрж, дуудах зэрэгт хангинатал уртхан дуугарах
Морь чөдөрлөх: Морины гурван хөлийг чөдрөөр бэхлэх
Морь өрөөлдөх: Морины нэг талын урд хойд хөлийг бэхэлж холбохыг зөв өрөөлдөх, эсрэг талын урд хойд хөлийг зөрүүлж бэхлэхийг буруу өрөөлдөх гэнэ.
Морь туших: Морины урд хоёр хөлийг шилбээр нь холбож тавих
Агармаг: Маш сайн хүлэг? /Аргамаг/
Ажнай: Хувилгаан хүлэг
Хүлэг: Морины хүндэтгэл нэр
Гүү: Дөрвөн наснаас дээшхи эм адуу
Эрмэг гүү: Унагалдаггүй, эрдүү чадалтай.
Соёотой гүү: Эрмэгдүү, гэвч хааяа унагалдаг.
Азарга: Дөрвөн наснаас дээшхи агтлаагүй эр адуу
Азарга адуу: Нэг азарганы хураах гүү ба түүнтэй ижилдэн явах адуунууд голдуу 10-30 орчим тооны адуу байдаг.
http://vetmn.blogspot.com/2015/11/blog-post_75.html