Монгол буурлыг “Гайхамшигт Монгол мориор” өргөмжиллөө
Монголчуудын адуу эдлэх соёл, зан заншил, нүүдэлчдийн ахуй амьдрал, Монгол адууны шандас, тэсвэр тэвчээрийг харуулах зорилгоор “Морьтон Монгол” төслийн аялагч залуус эх орноо нар зөв тойрон 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуу 15 аймгийн 89 сумын нутаг дэвсгэрээр 10394 километр морьтой аялж, намрын адаг сарын битүүний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аяллаа өндөрлөсөн юм.
Төслийг Монголын морин спорт, уяачдын холбооны аймаг, нийслэл, сумдын салбар холбоод, уяачид, малчин иргэд морьдыг юүлэх, хоол унд, орон байр, мөнгө болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн халуун дотноор хүлээн авч байсан билээ. Тэднийг Сэлэнгэ аймагт хөл тавихад Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид, Нийслэлийн морин спорт, уяачдын салбар холбоо, Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” салбар холбоодын удирдлага, төлөөлөл угтан авч долоон морь бэлэглэж, эмчийн үзлэгт хамруулан, эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн юм.
“Морьтон Монгол” төслийг хүлээн авах хаалтын үйл ажиллагаанд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Төв аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч гишүүн Ц.Мэндсайхан, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Даваахүү, Нийслэлийн болон Сэлэнгэ аймгийн салбар холбооны удирдлагууд хүрэлцэн очиж оролцлоо.
Монгол морин спорт, уяачдын холбооноос төслийн багийн гишүүн М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Д.Нацагдоо, Ч.Ганболд нарыг хүндэт өргөмжлөлөөр шагнасан бол 10394 километр зам туулсан буурал морийг “Эх орноо тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олгосон юм.